ХОТХОН INTELLIGENCE
Тооцооны аргачлал
Хотхон бүрийн хуудсан дээрх тоонууд хаанаас гарч байна вэ. Өгөгдлийн огноо 2026-10-27.
1. Медиан м² үнэ
Энэ бол ЗАРЫН үнэ, хэлцлийн үнэ биш. unegui.mn дээр нийтлэгдсэн зарын дүнг талбайд нь хуваасан утгын медиан. Монголд хэлцлийн үнэ нээлттэй бүртгэлгүй тул бодит зарагдсан үнэ бидэнд байхгүй. Зарын үнэ ихэвчлэн хэлцлийн үнээс дээгүүр байдаг.
Медианыг ашигласан шалтгаан: цөөн тооны маш үнэтэй эсвэл маш хямд зар дунджийг татдаг. Медиан тэдгээрт мэдрэг биш.
2. Байршлын оноо (0–10)
Зар бүрийн байршлаас ойролцоох үйлчилгээ хүртэлх зайг хэмжиж оноо өгөөд, хотхоны бүх зарын медианыг авна. Гараар баталгаажуулсан контуртай хотхоны оноог төв цэгээр нь тооцно — зарын байршил барилгын нарийвчлалаар бус, хорооны хэмжээнд бүртгэгддэг. Дөрвөн бүлэг, жин нь:
| Бүлэг | Жин | Юуг хэмждэг |
|---|
| Сургууль, цэцэрлэг | 48% | сургууль, цэцэрлэг хүртэлх зай |
| Амралт, чөлөөт цаг | 20% | цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай |
| Худалдаа, үйлчилгээ | 16% | дэлгүүр, эмийн сан |
| Төв рүү хүрэх | 16% | автобусны буудал, хотын төв хүртэлх зай |
Зайг оноо болгох муруй: маш ойр 10, тооцооны хүрээний доод хязгаарт 9, дээд хязгаарт 3, хамгийн хол нь 1. Тэгш хэсэггүй — өөр өөр зай үргэлж өөр оноо авна, ойр байх нь хэзээ ч муу оноо авахгүй.
⚠️ Хязгаар нь тогтмол. Зайн хүрээг өдөр бүр дахин тооцвол ӨӨР хотхон хөдөлсний улмаас энэ хотхоны оноо өөрчлөгдөнө. Тиймээс нэг удаа тогтоож, өгөгдлийн эх сурвалж солигдох үед л зориудаар шинэчилнэ.
🔴 Хамгийн чухал хязгаарлалт. unegui дээр зарын байршлыг барилгын нарийвчлалаар бус, хорооны хэмжээнд бүртгэдэг. Тиймээс зарим хотхоны оноо нь тухайн барилгын биш, орчны оноо болно. Хуудсан дээр нь ийм тохиолдлыг тусад нь бичсэн байгаа.
3. Хураангуйн доорх мэдээлэл
Хотхоныг үнэлж дүгнэсэн үг хэрэглэдэггүй — тооцоололд орсон баримтыг харуулна:
· зарын медиан м² үнэ — тухайн дүүргийн идэвхтэй зарын медиан м² үнээс хэдэн хувиар зөрж байгаа. Аль аль нь зарын үнэ, хэлцлийн үнэ биш
· сүүлийн 14 хоногт үнээ бууруулсан зар — үнээ 3–30%-иар бууруулсан идэвхтэй зарын тоо
· тооцоолсон түрээсийн жилийн өгөөж — түрээсийн зараас тооцсон, зардал хасаагүй өгөөж. Загварын тооцоолол, баталгаатай орлого биш
· байршлын оноо — 2-р хэсэгт тайлбарласан оноо
4. Нийт байр
«Байрны бүтэц» хүснэгт нь зарын биш, байрны (орон сууцны) тоо. Тухайн хотхонд бүртгэгдсэн ялгаатай байрыг тоолно: нэг байрыг хэд дахин зарласан ч нэг удаа тоолно. Одоо зарлагдаж байгаа, зарлагдаад хаагдсан, зарагдсан байж болзошгүй бүгдийг оруулна. Тиймээс энэ тоо идэвхтэй зарын тооноос ихэвчлэн их байна. Хоёр нь өөр зүйл.
5. Газрын зураг дээрх контур ба цэг
Контур = хэмжсэн талбай — OpenStreetMap-ийн барилгын зураг эсвэл кадастрын нэгж талбар. Одоогоор 102 хотхон ийм зурагтай.
Цэг = ойролцоо байршил. Бид тухайн хотхон хаана байгааг мэднэ, гэхдээ хилийг нь мэдэхгүй. Энэ нь алдаа биш — зарын байршил хорооны хэмжээнд бүртгэгддэгээс үүдэлтэй өгөгдлийн хязгаарлалт.
6. Эх сурвалж ба хязгаарлалт
Бүх тоо unegui.mn дээр нийтлэгдсэн нээлттэй зараас гаралтай, өдөр бүр цуглуулсан. Улсын бүртгэл, хэлцлийн бүртгэлийн мэдээлэл ашигладаггүй.
Мэдэгдэж буй хязгаарлалтууд:
· зарын үнэ ≠ хэлцлийн үнэ
· байршил барилгын нарийвчлалгүй
· цөөн зартай хотхоны медиан тогтворгүй
· нэг хотхоныг өөр өөр нэрээр бичсэн зарыг нэгтгэх нь бүрэн бус
710 хотхоны хуудас нийтлэгдсэн. Өгөгдлийн огноо 2026-10-27.